“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР” ЭНЭ САРЫН 24-НИЙ ӨДӨР ТОХИОНО

1111111111111.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.

            Тус өдрийн хүрээнд төрийн болон төрийн байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийж, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасан түвшинтэй нийцүүлэн орон нутагтаа зохион байгуулна.

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор  газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх боломж бүрдсэн.

Дашрамд дурдахад Говь-Алтай аймгийн хэмжээнд 2020 онд 3.5 магнитуд болон түүнээс дээш 16 удаагийн газар хөдлөлт болсон бол 2021 он гарсаар 2 удаагийн газар хөдлөлт болсон байна.

scroll to top