Онцгой байдлын газар нь анх 1977 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 236-р тогтоолоор НАХЯ-ны харъяа Говь-Алтай аймгийн НАХХ-ийн харъяалалын мэдэлд байгуулагдах шийдвэр гарч, 1977 оны 07 дугаар сарын 06-нд Говь-Алтай аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдан цэцэрлэгийн актлагдсан барилгыг өөрсдийн хүчээр засвар хийж, 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 25 нэгж, гал унтраах зориулалтын авто насос 2, ус тээвэрлэгч авто цистерн 1-тэйгээр, гал түймэртэй тэмцэх, гарсан гал түймрийг унтраах, урьдчилан сэргийлэх үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа эхлэн гал командын анхны даргаар хошууч Сэрээтэрийн Ганхүлэг томилогдон ажиллажээ.
1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн засгийн газрын 90 дүгээр тогтоолоор гал командыг цагдаагийн хэлтсийн харъяалалаас гарган бие даалгаж үйл ажиллагаа явуулах шийдвэр гарч, аймгийн АХГЗ-ны 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаар тогтоолоор гал командыг гал түймэртэй тэмцэх алба болгон, гал унтраах 02 дугаар зэрэглэлийн 59 дүгээр анги байгуулагджээ.
Засгийн Газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг Онцгой байдлын ерөнхий газар болгосонтой холбогдуулан Говь-Алтай аймаг дахь Гамшгаас хамгаалах штабыг Онцгой байдлын хэлтэс, Засгийн газрын 2015 оны 80 дугаар тогтоолоор Онцгой байдлын газар болгон өөрчилж, төр засаг, ард түмний эрх ашгийг тууштай хамгаалан улс нийгэм ард иргэдийн өмч хөрөнгийг гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.